Naadgai

Бид яагаад видео тоглоом тоглох хэрэгтэй вэ?

Видео тоглоом хүмүүсийн хобби сонирхлын хүрээнээс хэдийн хальж орчин үеийн амьдралын салшгүй нэг хэсэг, бие даасан e-sport болтлоо хөгжжээ. Гэсэн ч видео тоглоом үүссэн цагаас эхлэн энэ нь бидэнд сайн эсвэл муу нөлөө үзүүлэх эсэх талаар маргаан одоог хүртэл өрнөсөөр байгаа юм.

Ихэнх хүмүүс сэтгэл зүйн болон бие махбодийн олон асуудалд видео тоглоомыг буруутгадаг ч үүнийг яг таг батлах шинжлэх ухааны нотолгоо одоо ч дутмаг байсаар. Нөгөө талаар видео тоглоом тоглох нь олон зүйлд тустай байдаг тухай судалгаанууд ч мөн ар араасаа гарсаар байгаа юм. Тиймээс бид видео тоглоом тоглохын зарим ач холбогдлыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Видео тоглоом сэтгэл гутралыг эмчлэхэд тусалдаг

2012 онд Шинэ Зеландын судлаачид сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн өсвөр насны 168 хүүхдийг судалгаанд хамруулжээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь сэтгэл зүйн уламжлалт зөвлөгөө авч байхад нөгөө хэсэгт нь тогтсон цагаар видео тоглоом тоглуулсан байна. Судалгааны дараа видео тоглоом тоглосон хүүхдүүдийн стрессийн түвшин эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн нэгэн адил буурсан байжээ. 

Түүнчлэн 2014 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэд, 2017 Флоридагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн ижил төстэй судалгаанууд ч байдаг бөгөөд тэд мөн л видео тоглоом тоглох нь стрессийн түвшинг бууруулдаг болохыг тогтоосон юм.

Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ

Видео тоглоом бидний тархийг дасгалжуулдаг. 2013 онд Берлин дэх судалгааны байгууллага видео тоглоом тоглох явцад ой тогтоолт, мэдээлэл боловсруулах хурд, сэтгэн бодох чадвар хариуцсан тархины хэсгүүд идэвхэждэг болохыг тогтоожээ. Тэр ч утгаараа тоглоом тоглодог хүмүүс гүйлгээ ухаан сайтай, хурдан хугацаанд шийдвэр гаргах чадвартай байдаг ажээ.

Адал явдалт видео тоглоомуудын дүрс хурдацтай өөрчлөгддөг төдийгүй дэлгэцийн зах хэсгээр ч үйл явдлууд өрнөдөг нь биднийг мэдэрхүйн өгөгдлөө түргэн хугацаанд хүлээн авч боловсруулах дадалд сургадаг байна.

Түүх сонирхож, илүү ихийг унших хүслийг нэмэгдүүлдэг

Бодит түүхэнд үндэслэн зохиогдсон олон видео тоглоом байдаг. Тэдгээр тоглоомууд тэр чигтээ биднийг түүхэн зохиолоор аялуулах бөгөөд түүхэн дүрүүдтэйгээр бодит үйл явдалд оролцуулдаг байна. Ийм тоглоомын сонгодог жишээ бол хамгийн алдартай цувралуудын нэг болох Assassin’s  Creed, Total War зэрэг тоглоомууд юм. Та эдгээр тоглоомыг тоглох тусам үнэн түүхийг нь судлах хүсэл төрж өөрийн эрхгүй номын дэлгүүрт зогсож байх вий. 

Видео тоглоом хөгжихийн хэрээр үйлдвэрлэгчид тоглоомын зохиолд анхаарал хандуулах болсон нь бидний түүхийн боловсролд ч хувь нэмрээ оруулж эхэлсэн юм.

Хөгшрөлтийг удаашруулна

Айовагийн их сургуулийн эрдэмтэд 50-аас дээш насны 681 хүнийг судалгаанд хамруулж 5-8 долоо хоногийн турш тогтсон хугацаагаар видео тоглоом тоглуулсан бөгөөд энэ нь хөгшрөлтийн улмаас үүсдэг тархины үйл ажиллагааны доройтлыг удаашруулдаг гэж баталсан байдаг. 

Биеийн дасгал хөдөлгөөн нь таныг 60 нас хүрэхэд 40, 50 насны эрч хүчийг мэдрэхэд тусалдаг бол энэ нь тархинд ч мөн адил үйлчилдэг гэдгийг тус судалгаагаар тэмдэглэжээ.

Бусадтай харилцах харилцаа, нөхөрлөлд сайнаар нөлөөлдөг

Компьютерийн ард тоглоом тоглож олон цагаар сууснаар хүн зожиг, хаалттай болдог гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд түгээмэл. Харин бодит амьдрал дээр энэ нь эсэргээрээ байдаг ажээ.

Тоглоом тоглогчдын 70-аас 80 хувь нь найз нөхөдтэйгөө хамт тоглох, өрсөлдөх зэрэг багийн тоглолтод татагдаж тоглодог тухай судалгаа байдаг. Учир нь ихэнх Gamer-үүд тоглоом тоглох явцдаа бусадтай танилцан нөхөрлөдөг бөгөөд ийнхүү хоббигоороо холбогдсон хүмүүс олон жилийн нөхөрлөл, үнэ цэнийг бүтээж чаддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *